НӨАТ-ЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ.

Тус хэлтсийн 2020 оны 1 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил, олон нийтийн мэдээллийн сүлжээ болон иргэдээс гаргасан гомдол мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор сумын 4 чиглэлд дөрвөн ажлын хэсэг томилж, Арван мянгат, Хөх толгойн чиглэл, Амьчуул, Есөн-Эрдэнэ зах болон Дэлгэрэх захад үйл ажиллагаа эрхэлдэг найман нэрийн хүнсний дэлгүүр, хүнсний бөөний болон жижиглэн худалдааны төв, авто засварын газрууд, үсчин, эмийн сан, шашны дэлгүүрүүд, шатахуун түгээх станцын төлбөрийн баримт хэвлэлтийн байдалд газар дээрх хяналт шалгалтыг хийлээ.

89361415_974487536280921_6843974551601152000_n.jpg

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүгд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар үйлчлүүлэгчдэдээ төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Иймд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хуулийн этгээд, иргэдээс иргэд, үйлчлүүлэгчид маань төлбөрийн баримтыг заавал авах ёстой.

89360385_562442204626737_1938416863507644416_n.jpg

Шалгалтад төлбөрийн баримт олгох үүрэг бүхий нийт 88 нэгж, цэг хамрагдсанаас төлбөрийн баримт хэвийн олгож байгаа 57 цэг, програм ажиллахгүй байгаа, тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаантай 9 цэг, төлбөрийн баримт хэвлэх програм, тоног төхөөрөмжтэй боловч гурав хоногоос дээш хугацаанд баримт хэвлээгүй, илгээгээгүй 5, програм тоног төхөөрөмжгүй, төлбөрийн баримт хэвлэж иргэдэд олгодоггүй 17 газар байна. Зарим дэлгүүр үйлчилгээний газрууд төлбөрийн баримтаа авах хүсэлт гаргасан иргэдэд л баримтыг өгдөг, нэхээгүй тохиолдолд өгдөггүй байдалтай байв. Харин зарим дэлгүүрийн эздийн тухайд өөрөө төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжөө ажиллуулж чаддаггүй гэсэн шалтгаанаар баримтаа урьдчилж хэвлэсэн, баримтаа авъя гэсэн иргэдэд энэ баримтаа өгдөг гэсэн тайлбарыг хэлж байв.

87775502_812606632552441_2495330528157237248_n.jpg

Шалгалтын хүрээнд газар дээр нь арилгах боломжтой зөрчлийг арилгуулж, газар дээр нь шийдвэрлэх боломжгүй 17 газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 14 газарт дуудах мэдэгдэл гардуулсан.

89406717_587489898511690_5909088835597238272_n.jpg

Төлбөрийн баримт иргэдэд олгох үүргээ биелүүлдэггүй аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу төлбөрийн баримтын нөхөн олгуулан, аж ахуйн нэгж, иргэдийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээ авахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

89383098_817401695436335_4083417925921275904_n.jpg

Иргэдийн дунд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголттой холбоотой зарим зөрүүтэй ойлголтууд байна. Энэ нь НӨАТ суутган төлөгч газар болон суутган төлөгчөөр бүртгүүлээгүй хувь хүн, хуулийн этгээдээс авсан баримтын бүртгэлтэй холбоотой асуудал юм.
Сугалааны дугаартай, буцаан олголттой баримтыг НӨАТ-ын суутган төлөгч газрууд олгодог. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, иргэдийн жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн болон аж ахуй нэгжээс авсан төлбөрийн баримт нь буцаан олголтын хоёр хувь болон сугалааны дугаар бүхий баримт олгогдоно. Харин жилийн орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй, НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авсан бараа үйлчилгээнд олгогдсон төлбөрийн баримт зөвхөн сугалаанд оролцох баримт олгож байгаа гэдгийг иргэд маань анхаарах хэрэгтэй байна.

89972262_223014548885558_2750005484466470912_n.jpg

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг хангах ажил нь дан ганц Татварын алба, ард иргэд та бидний хамтын ажиллагааны үр дүнд бодитой, үр дүнтэй хэрэгжих ажил юм.

89695744_2548552522068230_342861539818078208_n.jpg

Иргэн та үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх тухай бүрдээ “ТӨЛБӨРИЙН БАРИМТ”-аа заавал шаардаж авч байгаарай.

89712872_645810966185049_1393058254317158400_n.jpg

Төлбөрийн баримт олгоогүй, олгохоос татгалзсан аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг Татварын ерөнхий газрын 1800-1288, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 7044-2249, 7044-1288 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.

89317430_2594219804183669_4897254146215772160_n.jpg

Таны гаргасан гомдол, мэдээллийг бид хуульд заасан хугацаанд шалгаж, танд эргэн мэдэгдэх болно.


НӨАТ-ЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО ЧУХАЛ.